ӨНӨӨДРИЙН БАЗАА , ПЛЭЙ-ОФФ 2-Р ТОЙРОГ
Hard Rock 2008 vs Rampage 2009
Шуудхан хэлчихье. Хэцүү хаднууд 2:0-р цувралыг дуусгаж дараагийн шатанд үлдлээ. Хамгийн их хүлээлттэй , хамгийн ширүүн тэмцэл өрнөнө гэж хүлээсэн дуэль ажил амьдралын шаардлагаар гол тоглогчид өнжсөний улмаас хүлээлтэд хүрэлгүй өндөрлөв. Аваргын төлөө өрсөлдөж ч болох багууд эрт таарсан нь сонирхолтой болгов. Хэцүү Хаднуудаас Далайбаатарын Түмэннаст 29 оноогоор өнгөлж Пага 26 оноогоор дэмнэсэн бол Rampage-с Баярмагнай , Баттулга нар хамтдаа 35 оноо авсанаар Rampage 2009 гэх шинэ багийн улирал дууслаа. Гэснээс Rampage гэдэг нь Түйвээгчид гэж орчуулагдана гэж манай Норовоо ах лүндэн буулгав. Түйвээгчид энэ лигт хувцас жигдрэлт, ах нараа хүндлэх , тэмцээндээ хүндлэлтэй олуулаа оролцож байсан нь энэ лигийн нэгэн чимэг боллоо. Эцэст нь Түйвээгчдийг Хэцүү Хаднууд түйвээлээ. Дараа жил уулзъя дүү нар ❗️
Hard Rock 71:61 Rampage 2009
УВС 1997 vs Андууд 2007
Арван насны зөрүү ! , Ах нар туршлагатай бол Андууд найруулгатай. Ажлын шаардлагаар тоглолт өнжих нь аль ч багт хүч суларч байгаа нь тодорхой. Увс-1997 Баярхүү ах өнгөрсөн тойрогт байгаагүй нь хожигдлын том шалтгаан байсан нь үнэн. Энэ удаад тэд бас л Эрка ахгүй тоглолоо. Хурдан довтолгоо, урд хамгаалалт тэр хэмжээгээр суларсан гэсэн үг. Ах нар энэ удаад тоглолтыг 10:2 хожигдож эхэлсэн ч 3-р үе гэхэд илүү гарч дөнгөв. Баярхүү 27 оноо, Сүхээ 12 оноогоор багаа тэргүүллээ. Андуудаас Жаргаа үнэхээр онцгой байлаа, багийнхандаа чихэр шиг дамжуулалт өгөхөөс гадна довтолгоо болохгүй үед өөрөө 3-с 5 удаа унагаж Майнаатай хамт 43 оноо авчихаж. 57:56-р хожиж явсан тоглолтонд эцсийн мөчид хайран нэг бөмбөг алдалт , дэмий нэг алдаа Увс-97 г чаначихлаа. Хожсон газар хожигдож ах нар гэртээ харих нь. Бүрэн бүрэлдэхүүн гэдэг харамсал төрснийг нуух юун. Лигт үргэлж чанга баг байдаг ах нарыг хүндэтгэн үдье 👏👏👏
УВС-1997 57:58 Андууд 2007
Дараагийн шатанд :
Андууд 2007 vs Hard Rock 2008 🔥🔥🔥
Red Mountain ⛰ 2002 vs Dragons 🐉 2006
Улаан Уулнуудын хувьд Мөөгөөгийн орон зай ямар том бэ гэдгийг мэдэрсэн тоглолт. Луунуудаас ч ялгаагүй Манлай нь явсан. Луунууд тактиктаа өөрчлөлт хийжээ, тэд хамгаалалтаа байрласан биш хувь хүн дээр хийсэн нь оносон эсэхийг та удахгүй мэднэ. Уулнуудаас Бабана өнөөдөр онцгой сайн байсан гэж багийнхан нь ч бусад үзэгчид ч цаасан малгай өмсгөнө лээ. Лиг эхлэхэд 106кг байсан би бээр өнөөдөр 96кг гэдэг бол та бүхний гавъяа шүү. Гэхдээ хичээсэн, цувралыг нэг талд нь гаргах гэж зорьсон бол эсэргээрээ Луунууд улирлаа үргэлжлүүлэхийг хүссэн. Тооны харьцаа 67:60 , цаг дуусахад 55' секунд гэдэг бол НБА л биш бол үнэндээ дуусчихсан тоглолт. Арай эрт хожчихсон Уулнууд 2 удаагийн болчимгүй бөмбөг алдалт , Цэндхүүгийн алсын зайн шидэлт, дундын оролт амжилттай болсон ч хожчихсон л гээд итгэчихсэн Уулнуудад дахин нэг тоглох хүсэлтэй гэдгээ илэрхийлж Сүхбат хэмээх залуу Buzzer shot хийж 1 секунт дутуу байхад 3 оноог авч ирж 68:67-р цуврал 1:1 болов. Луунуудын прессинг амжилттай болсоныг та ч харлаа би ч харлаа, түмэн олон ч уншлаа. Эсрэг тактикаа боловсруулах даалгавар Уулнуудад, эрч хүчээ алдахгүй тоглох даалгавар Луунуудад ❗️❗️❗️. Нэмж нэг зүйл хэлэхэд Бабана Золоо 2 өнөөдөр торгуулийн шидэлт 6/12 , 5/10 буюу 11 шидэлт алдсан нь өөрөө өөрсдийгөө чаначихсан гэсэн үг 😢
Red Mountain ⛰ 67:68 Dragons 🐉 2006
Eagles 🦅 1998 vs Bulls 2003
Лигийг тэргүүлсэн баг 2:0-р шүүрдүүлвэл Увсаар нэг шуугина. Тиймээс Бүргэдүүд хожигдох эрхгүй. Tigers 🐅 2004 -н Дөлгөөний хэлсэнээр сийрүүлвэл : Бүргэдүүд тоглолтын эхэнд эв зүйгүй эвдрэлцэж , эхний 2 үе хэрэлдсэн. 3-р үед учраа олж эвлэрсэн, 4-р үед тэврэлдэж дууссан гэсэн бол Бухнуудыг эхний 2 үе тэврэлдэж тэнхээ ихтэйгээр оноо сайн цуглуулсан, 3-р гулзайж суларсан, 4-р үед учраа алдаж уушгиа барьж дийлэхгүй урагш уналаа гэж лигийн шастирт тэмдэглэн үлдээжээ. Бухнуудаас Аварга 19 , Болдоо 19 оноог , Бүргэдүүдээс Ганзориг 22 , Жак 19 оноогоор багтаа тус хүргэжээ. Бүргэдүүд нэр хүндээ аварч 1:1 болгосон ч тэд дараагийн шатанд шалгарахад дахин нэг хожил хэрэгтэй. Илүүрхэнэ гэвэл худлаа, аархана гэвэл алдаа. Бухнууд бууж өгөхгүй гэдгээ эрт мэдэгдсэн. Пүрэв гаригт шийдвэрлэх 2 тоглолт биднийг хүлээж байна.
Eagles 🦅 1998 80:68 Bulls 🐂 2003
Базаа хүлээж байна, базаа яасан бэ гэж олон хүн утасдаж коммент бичсэнд ихэд урамшив. Биднийг Пүрэв гаригт ирж хожуулахгүй бол цаашид БАЗААГҮЙ болох аюул байна шүү 😛. Та бүхэн ирж дэмжээрэй, сонирхоорой. Агуу Амжилт 👍